
GRUNDFOS ФИРМИЙН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН Г.АМАРТҮВШИН:
Grundfos фирм Монгол улсын зах зээлд 2000 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Тухайн үед олон улсын банк санхүүгийн байгууллагууд, хувийн хэвшлийн санхүүжилттэйгээр дулаан болон ус хангамж, нийтийн аж ахуй, уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор дэлхийд салбартаа тэргүүлдэг, сайн чанарын брэнд бүтээгдэхүүнийг хэрэглэх шаардлагын дагуу Grundfos энэ зах зээлд орж ирсэн.
Энэ 25 жилийн хугацаанд дээрх олон салбарт маш олон тооны хэрэглэгч, хэдэн арван төрлийн хэдэн мянган ширхэг насосыг хэрэглэж байгаа. Тийм учраас энэ шаардлагатай уялдан Grundfos-ийн хэрэглэгчдэд зориулан Монгол улсад засвар үйлчилгээ хариуцсан албан ёсны түнш зайлшгүй байх шаардлага үүссэн. Тиймээс Grundfos фирмийн Монгол болон Зүүн Азийн зах зээлийг хариуцдаг БНХАУ-ын Шанхай хотод байрладаг төв оффисын засвар үйлчилгээний хэлтсээс Монголын зах зээл дээр албан ёсны засвар үйлчилгээний түнш компанийг сонгон шалгаруулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх ажил 3 жилийн өмнө эхэлсэн. Ингэхдээ Монгол дахь албан ёсны борлуулагч компаниудтайгаа ярилцсаны дүнд МЗЭ компанийг сонгосон. МЗЭ компани нь одоо Монгол дахь Grundfos хэрэглэгчдийн насосны засвар үйлчилгээг хариуцах мөн ямар нэгэн эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд Grundfos фирмийн стандартын дагуу шуурхай үзэж оношлох, засах, дүгнэлт гаргах үүрэгтэй болж байна. Мөн өргөн хэрэглээний сэлбэг, шаардлагатай бараа бүтээгдэхүүний нөөц бэлэн байлгах үүрэг хүлээж байгаа.
МЗЭ компани Grundfos фирмийн засвар үйлчилгээний төвийн стандартуудыг хангаж, тодорхой шаардлагуудыг даван энэ эрхийг авсан учраас манай хэрэглэгчид ямарч эргэлзээгүй итгэж засвар үйлчилгээ хийлгэж, сэлбэгээ хурдан шуурхай авах боломжтой болж байгаа юм.